Trading In The Zone Ⅰр Бүлэг
Амжилтанд Хүрэх Зам
Суурь шинжилгээ юу, Техник шинжилгээ юу, аль эсвэл Сэтгэлзүйн шинжилгээ юу?
Суурь шинжилгээг арилжааны шийдвэр гаргахад тохиромжтой цорын ганц зохистой бөгөөд бодит арга гэж тодорхойлдог байсан үеийг хэн санаж байна? Намайг 1978 онд анх арилжаа хийж эхэлж байхад техник шинжилгээг маш цөөн тооны арилжаачид л ашигладаг байсан бөгөөд зах зээлийн бусад нийгэмлэгүүд бүгд тэднийг галзуу гэцгээдэг байлаа. Одоо итгэхэд бэрх хэдий ч, Уолл Стрийт ба ихэнх хөрөнгө оруулалтын томоохон сангууд, санхүүгийн байгууллагууд техник шинжилгээг ид шидийн элий балай зүйл гэж боддог байсан цаг үе саяхан билээ.
Одоо бол мэдээж бүх зүйл эсрэгээрээ эргэсэн. Бараг бүхий л туршлагатай арилжаачид өөр өөрсдийн арилжааны стратегийг боловсруулахын тулд ямар нэгэн төрлийн техник шинжилгээг ашигладаг. Зарим жижиг, тусгаарлагдсан нийгэмлэгүүдийг эс тооцвол "цэвэр" суурь шинжээч гэх зүйл бараг л устаж алга болсон. Энэхүү үзэл бодлын эрс тэрс өөрчлөлт, шилжилтийг юу үүсгэв?
Энэ асуултын хариулт маш энгийн байгаад хэн ч гайхахгүй гэдэгт би итгэлтэй байна: Мөнгө! Дан ганц суурь шинжилгээгээр арилжааны шийдвэр гаргаж тогтмол ашиг олох хүндрэлтэй байдаг нь уг арга зүйн үндсэн асуудал юм.
Суурь шинжилгээтэй танил биш, үүний талаар сайн мэдэхгүй хүмүүст тайлбарлаж өгье. Суурь шинжилгээ нь аливаа хувьцаа, бараа аль эсвэл санхүүгийн хэрэгслийн эрэлт, нийлүүлэлтийн хоорондох тэнцвэр, эсвэл тэнцвэргүй байдалд нөлөөлж болзошгүй ирээдүйн хүчин зүйлсийг тооцоолох оролдлого. Үндсэндээ хэд хэдэн хүчин зүйлсийн (бодлогын хүү) санхүүгийн тайлан, цаг уурын чиг хандлага, болон өөр бусад хүчин зүйлс) ач холбогдлыг хэмжих математик загварчлалуудыг ашиглан ирээдүйд үнэ ханш хаана хүрэхийг таамаглах юм
Асуудал нь иймэрхүү загварчлалууд бусад арилжаачдыг нөлөө бүхий хүчин зүйл гэж авч үздэггүй. Ирээдүйн тухай өөрсдийн итгэл үнэмшил ба хүлээлтээ илэрхийлж буй хүмүүс л үнэ ханшийг хөдөлгөдөг - загварчлалууд биш. Аливаа загварчлал ач холбогдолтой гэж үздэг бүх хүчин зүйлс дээрээ тулгуурлан логиктой, боломжийн таамаг дэвшүүлсэн ч гэсэн - хэрэв зах зээлийн ихэнх хэсгийг эзэлж байгаа арилжаачид тухайн загварчлалын талаар огт мэддэгүй аль эсвэл тоож үздэггүй бол ямар ч үнэ цэнэгүй юм.
Үнэн хэрэгтээ, олон арилжаачид, ялангуяа үнэ ханшийг аль нэг чиглэлд эрс хөдөлгөх чадвартай фьючерсийн бирж дэх арилжаачид, ихэвчлэн тэр үнэ ханшид нөлөөлөх ёстой суурь эрэлт, нийлүүлэлт бүхий хүчин зүйлсийн талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байдаг. Цаашилбал, тэдний арилжааны шийдвэрүүд ихэвчлэн суурь загварчлалуудын хүрээнээс тэс гадуур - сэтгэл хөдлөлийн хүчин зүйлст үзүүлж буй хариу үйлдэлд нь хөтлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, арилжаа хийдэг (үр дүнд нь үнэ ханшид нөлөөлдөг) хүмүүс байнга оновчтой шийдвэр гаргадаггүй юм.
Суурь шинжээчид ирээдүйн үнэ ханшыг ямар нэгэн байдлаар зөв таамаглах боломжтой хэдий ч тухайн арилжаанд оролцож, зах зээлийн савалгаан дунд арилжаагаа барьж үлдэх нь тэдний хувьд маш хэцүү, бүр огт боломжгүй болох магадлал бас байх юм.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ РҮҮ ШИЛЖИЛТ
Техник шинжилгээ нь зах зээл үүсч эхэлсэн цагтай зэрэгцэн байсаар л ирсэн зүйл. Гэсэн хэдий ч 1970 -аад оны сүүл болон 1980-аад оны эхэн хүртэл арилжааны нийгэмлэгүүд техник шинжилгээг мөнгө олох чадвартай хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөлгүй ирсэн байдаг. Зах зээл дэх нийгэмлэгүүдийн олонх нь хэдэн үеээ зарцуулж байж олж мэдсэн зүйлсийг техник шинжээчид мэддэг байв.
Аль ч өдөрт, аль ч долоо хоногт, эсвэл аль ч сард бай хязгаарлагдмал тооны арилжаачид л зах зээлд оролцдог. Энэ арилжаачдын ихэнх нь мөнгө хийх гэсэн оролдлогоороо нэг хийдэг зүйлсээ дахин дахин давтдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр зан үйлийн зүй тогтлыг үүсгэдэг тул хоорондоо тогтмол харилцаж буй бүлэг хүмүүс нэгдмэл зан үйлийн зүй тогтлыг үүсгэж байдаг. Тэдгээр зан үйлийн зүй тогтлууд нь ажиглагдахуйц ба хэмжигдэхүйц байдаг бөгөөд статистикийн хувьд найдвартай байдлаар өөрсдийгөө ахин дахин давтдаг.
Техник шинжилгээ нь эдгээр нэгдмэл зан үйлийг нэг зүйлийн тохиолдох магадлал нь нөгөөсөө их байгааг тодорхой илтгэж, танигдахуйц зүй тогтол болгон цэгцэлж өгөх арга. Ерөнхийдөө бол техник шинжилгээ нь зах зээлийн ухамсарт нэвтэрч өнгөрсөн цагт үүссэн зүй тогтлыг ашиглан ирээдүйг таамаглах боломж олгодог юм.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр техник шинжилгээ нь суурь шинжилгээтэй харьцуулахад ирээдүйн үнэ ханш, хөдөлгөөнийг таамаглахад хавьгүй илүү арга барил болж таарсан. Арилжаачид ямар нэгэн математик загварчлалын таамагт биш; харин зах зээлийн өнгөрсөн түүх болон яг одоо өрнөж байгаа зүйлст анхаарлаа хандуулж эхэлсэн. Харин нөгөө талд, суурь шинжилгээ нь миний хэлдэгээр " байх ёстой зүйл" болон " байгаа зүйл" хоёрын хоорондох "бодит байдлаас тасарсан орон зай"-г үүсгэдэг. Энэхүү бодит байдлаас тасарсан oрон зай нь оновчтой, зөв байсан ч гэсэн хэтэрхий урт хугацааны бөгөөд бодит үр дүн болгон ашиглахад хүнд таамгуудыг гаргаж өгдөг.
Техник шинжилгээ нь энэ бодит байдлаас тасарсан орон зайг нөхөөд зогсолгүй, арилжаачдад өөрийн болгон ашиглахад тохиромжтой эцэс төгсгөлгүй боломжуудыг нээж өгдөг. Энэхүү арга барил нь бүх цагийн хүрээнд буюу секундээс-минут-цаг-өдөр-долоо хоног-сар хүртэл ахин дахин давтагдаж буй зан үйлийн зүй тогтлуудыг тодорхойлж өгч тоолж баршгүй боломжуудыг нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, техник шинжилгээ нь зах зээлийг баялаг бүтээх эцэс төгсгөлгүй боломжын урсгал болгож хувиргадаг.
СЭТГЭЛЗҮЙН ШИНЖИЛГЭЭ РҮҮ ШИЛЖИЛТ
Хэрвээ техник шинжилгээ үнэхээр л сайн ажилладаг юм бол арилжаачид яагаад техник шинжилгээнээс сэтгэлзүйн шинжилгээ рүү шилжиж эхлэв? Тэд яагаад өөрсдийн сэтгэлзүй дээр төвлөрч байна вэ? Энэхүү асуултын хариултыг олохын тулд та өөрөөсөө би яагаад энэ номыг худалдаж авлаа гэж асуухаас өөр зүйл хийх шаардлагагүй. Байж болзошгүй хамгийн өндөр магадлалтай шалтгаан нь; таны мөнгө олох хязгааргүй боломж гэж хүлээж авсан ойлголт ба эцэст нь гарсан бодит үр дүн хоёрын ялгаанд та сэтгэл дундуур байгаа байх.
Энэ бол техник шинжилгээний асуудал юм, хэрвээ та үүнийг асуудал гэж тодорхойлмоор байгаа бол шүү дээ. Та зүй тогтлуудыг таниж, зах зээлийг уншиж сурахын хэрээр зах зээлд мөнгө олох хязгааргүй боломж байгааг олж харж, ойлгож эхэлдэг. Гэсэн хэдий ч, зах зээлийн талаар мэдлэгтэй байх болон мэдлэгээрээ тогтмол ашиг олдог байх хоёрын хооронд асар том ялгаа байдаг гэдгийг та аль хэдийн мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна.
Та чарт руу хараад "Хммм, зах зээл дээшлэх юм шиг харагдаж байна шүү (эсвэл тухайн нөхцөлөөсөө хамааран доошлох)" гэж дотроо бодтол таны таамаг биелэлээ олж байсан тохиолдлуудыг эргэн нэг санаарай. Гэсэн хэдий ч та тухайн үед зах зээлийн хөдөлгөөнийг ажиглангаа олж болох байсан мөнгөө бодож шаналахаас өөр зүйл хийгээгүй байдаг.
Зах зээлд ямар нэгэн зүйл болно гэж таамаглах (мөн олж болох байсан мөнгөө бодох) болон бодит нөхцөл байдалд арилжаанд оролцох хоёрын хооронд асар том ялгаа бий. Би үүнийг "сэтгэлзүйн ялгаа" гэж тодорхойлдог бөгөөд энэ нь арилжааны зах зээлийг хүний сонгож болох хамгийн хэцүү бөгөөд бүрэн гүйцэд эзэмшихэд нилээд учир битүүлэг зорилтуудын нэг болгодог.
Хамгийн том асуулт бол: Арилжааг бүрэн гүйцэд эзэмших боломжтой юу? Арилжаа нь арилжаанд орж, арилжаанаас гарах үед тулгардаг асуудлуудгүйгээр харин эсрэгээрээ зүгээр л зах зээлийг ажиглан суунгаа амжилтын талаар бодох шиг хялбар, бөгөөд энгийн болох боломжтой юу? Үүний хариулт бол ямар ч маргаангүй "тийм". Энэхүү номны гол зорилго нь таныг өөрийгөө ойлгоход тусалж, арилжааны зах зээлийн мөн чанарын талаар чухал ойлголтуудыг өгөх юм. Үр дүнд нь бодит зах зээл дээр арилжаа хийх нь таны хувьд зүгээр л хөндлөнгөөс харж ажиглаж байгаа мэт хялбар бөгөөд стрессгүй болох юм.
Миний хэлсэн зүйл танд огт боломжгүй мэт санагдаж байж магадгүй. Үгүй шүү. Арилжаа хийх урлагийг бүрэн гүйцэд эзэмшиж чадсан хүмүүс бий. Гэхдээ таны мэдэж байгаачлан, амжилттай арилжаачид болон амжилтгүй арилжаачдын хооронд асар их тооны зөрөө бий. (Зах зээлд оролцож байгаа нийт хүмүүсийн 95% нь эхний жилдээ хоосордог)
Үнэн хэрэгтээ энэ 2 бүлэг арилжаачдын (тогтмол ялагчид ба бусад) хоорондох ялгаа нь дэлхий ба сар хоёрын хоорондох ялгаатай адил юм. Тэдэнд нийтлэг зүйл бий, дэлхий ба сар хоёр хоёулаа л нэг нарны аймагт оршдог сансар огторгуйн биетүүд. Гэвч тэдний байгалиас өгөгдсөн өгөгдөл, шинж чанарууд нь өдөр шөнө мэт ялгаатай. Үүний адилаар, арилжаа нээсэн хэн ч бай өөрийгөө арилжаачин гэж өргөмжилж болох ч, тогтмол ялагчдын шинж чанаруудыг бусад арилжаачдын шинж чанартай харьцуулахад өдөр, шөнө мэт ялгаатай байдаг.
Хэрвээ амжилттай арилжаачин болохыг саран дээр буухтай адил хэмээн зүйрлэвэл, бид ямар нэгэн байдлаар саран дээр буух бүрэн боломжтой. Энэ бол зөвхөн цөөн тооны хүмүүсийн туулж чадсан маш хэцүү аялал. Дэлхий дээр байгаа бидний өнцгөөс бол сар шөнө бүр гараа сунгах төдийд л хүрч, мэдрэх боломжтой мэт гэрэлтэн, тодорч харагддаг. Амжилттай арилжаа хийх нь үүнтэй ижил мэдрэгддэг. Зах зээл аль ч өдөр, долоо хоног аль эсвэл сард арилжаа хийх чадвартай хэнд ч бай асар их хэмжээний мөнгө олох боломжуудыг өгч байдаг. Зах зээлийн мөнхийн хөдөлгөөн болон түүний дотор эргэлдэх мөнгөн урсгал нь амжилтанд хүрэх магадлалыг хэт их тодотгож, гарт тань байгаа мэт санагдуулдаг.
Би 2 бүлэг арилжаачдын хоорондох чухал ялгааг гаргаж өгөхийн тулд "мэт" гэдэг үгийг ашиглалаа.Тогтмол байж сурсан, аль эсвэл "тогтмол байдлын босго"-г давсан бүлэг хүмүүсийн хувьд мөнгө гарт нь баригдаад зогсдоггүй; тэд хүссэн хэмжээгээрээ авч чаддаг. Миний хэлсэн зүйл зарим хүмүүсийн хувьд итгэхэд бэрх санагдаж байгаа байх, гэхдээ энэ бол бодит үнэн юм. Тодорхой хязгаарлалтууд байдаг хэдий ч ихэнх тохиолдолд эдгээр арилжаачдын дансанд мөнгө толгой эргүүлэм байдлаар хялбар бөгөөд нэгэн хүчин чармайлтгүйгээр урсан орж байдаг.
Гэсэн хэдий ч, энэ сонгомол бүлэгт дэвшиж амжаагүй арилжаачдын хувьд "мэт" гэдэг үг нь яг гаргах ёстой утгаа илэрхийлдэг. Тэдний хүсч буй тогтмол байдал эсвэл эцсийн амжилт нь тэдний нүдний өмнө халих эсвэл агаарт ууршихынхаа өмнөхөн "гарт нь байгаа" юм уу эсвэл "гар хүрэх газарт" нь байгаа мэт санагддаг. Энэ бүлэгт хамаарагддаг арилжаачдын дунд нийтлэг цорын ганц зүйл бол сэтгэл хөдлөлийн өвдөлт юм. Тийм ээ, тэдэнд баярлах мөчүүд тодорхой хэмжээнд байх хэдий ч ихэнх тохиолдолд тэд айдас, уур хилэн, бухимдал, түгшүүр, урам хугарсан, харамссан байдалтай байдаг гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Тэгэхээр энэ хоёр бүлэг арилжаачид хоорондоо юугаараа ялгаатай вэ? Ухаан уу ? Тогтмол ялагчид бусдаас илүү ухаалаг уу? Тэд илүү шаргуу ажилладаг уу? Тэд илүү сайн шинжээчид үү? Тэд илүү сайн арилжааны системтэй юу? Арилжаанаас үүдэлтэй хүнд хэцүү дарамтуудыг даван туулахад хялбар болгодог төрөлхийн зан чанар тэдэнд байдаг уу?
Эдгээр гаргалгаанууд бүгд боломжийн сонсогдож байгаа хэдий ч арилжааны салбарт бүтэлгүйтсэн хүмүүсийн ихэнх нь нийгмийн хамгийн гэгээлэг, өөрсдийн салбартаа амжилттай яваа хүмүүс байдаг. Тогтмол ялагдал хүлээдэг хүмүүсийн хамгийн том бүлэг нь эмч, хуульч, инженер, эрдэмтэд, гүйцэтгэх захирлууд, чинээлэг тэтгэвэртээ гарагсад болон бизнес эрхлэгчдээс бүрддэг. Цаашилбал, зах зээл дээрх хамгийн шилдэг шинжээчдийн ихэнх нь маш муу арилжаачид байдаг. Оюун ухаан, зах зээлийн шинжилгээ хоёр амжилтанд хүрэхэд хувь нэмэр оруулдаг хэдий ч тогтмол ялагчдыг бусдаас ялгаруулдаг гол хүчин зүйлс биш юм.
Хэрэв оюун ухаан аль эсвэл шинжилгээ биш юм бол юу байж болох вэ? Энэ зах зээл дэх хамгийн шилдэг болон хамгийн муу арилжаачидтай хамтран ажиллаж, муу арилжаачдыг шилдэгүүдийн нэг болоход хүргэсэн туршлага дээрээ үндэслэн; шилдэг арилжаачдыг бусдаас илүү болгодог тодорхой шалтгаанууд байдаг гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр хэлж чадна. Хэрэв би бүх шалтгаануудыг нэг болгон базах шаардлагатай болвол, шилдэг арилжаачид бусдаас өөрөөр сэтгэдэг / боддог гэж хэлэх байсан.
Энэ тийм ч ноцтой сонсогдохгүй байж магадгүй, гэхдээ өөрөөр сэтгэж бодно гэдэг нь яг юу гэсэн үг болохыг сайтар тунгааж, анхаарч үзвэл цаад утга санаа нь хэр гүн гэдгийг олж мэдэх боломжтой юм. Ямар нэгэн байдлаар бид бүгд бусдаас өөрөөр сэтгэдэг. Бид энэ баримтыг үргэлж санаж явдаггүй байх; бид бусад хүмүүсийг ямар нэгэн үйл явдал, нөхцөл байдлыг бидэнтэй адилаар хүлээж авч , ойлгодог гэж таамагладаг. Үнэн хэрэгтээ, бид ижил зүйлийг харсан эсвэл туулсан хүнтэйгээ санал зөрөлдөх хүртлээ уг таамаг үнэн гэдэгт итгэдэг. Бие бялдар, гадаад үзэмжийн онцлогоос гадна сэтгэлгээний онцлог биднийг бусдаас өвөрмөц болгодог юм.
Арилжаачид руу гаа буцаж орцгооё. Шилдэг арилжаачдын бодож сэтгэх арга барил нь тэдний адил бодож сэтгэх гэж зовж зүдэрч байгаа хүмүүсийн сэтгэлгэнээс юугаараа ялгаатай вэ? Зах зээлийг эцэс төгсгөлгүй боломжуудаар дүүрэн талбар гэж тодорхойлж болох ч; энэ талбар дээр бид зогсоо зайгүй сэтгэлзүйн хүнд нөхцөл байдлуудтай тулгардаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арилжаачид зах зээлийн талаар ямар нэгэн зүйл олж мэдэж, гарж ирч буй боломжуудыг таниж сурдаг. Гэвч худалдаж авах, зарах боломжуудыг олж хардаг болох нь арилжаачин шиг сэтгэж сурсан гэсэн үг огт биш юм.
Тогтмол ялагчдыг бусдаас ялгаруулдаг онцлог шинж чанар нь: Ялагчид ямар ч сөрөг нөхцөл байдлаас үл хамааран тэднийг сахилга баттай, анхаарал төвлөрөлттэй, өөртөө итгэлтэй байх боломжийг нь олгодог өвөрмөц хандлагуудаас бүрдсэн сэтгэлгээг олж авсан байдаг. Үүний үр дүнд тэд бусад хүмүүсийг зовоож буй нийтлэг айдас, арилжааны алдаануудад өртөмтгий байхаа больдог. Арилжаа хийдэг хүн бүр зах зээлийн талаар ямар нэгэн зүйл сурдаг; харин арилжаа хийдэг маш цөөн тооны хүмүүс л тогтмол ялагч болоход зайлшгүй шаардлагатай хандлагуудыг судалж суралцдаг. Хүмүүс гольфийн цохиураар аль эсвэл теннисний цохиураар зөв цохих техникийг төгс эзэмшиж сурдагтай адил тэдний тогтмол байдлыг олж авах эсэх нь бүхэлдээ тэдний хандлагаас хамаарах юм.
"Тогтмол байдлын босго"-г давсан арилжаачид энэ зах зээлийн орчинд үр дүнтэй ажиллах боломжийг нь бүрдүүлдэг хандлагуудыг олж авахаасаа өмнө ихэвчлэн маш их өвдөлтийг (сэтгэл санааны болон санхүүгийн) мэдэрдэг. Үүнд үл хамаарах ховор бүлэг хүмүүс нь ихэвчлэн амжилттай арилжаачдын гэр бүлд төрж өссөн аль эсвэл арилжааны жинхэнэ мөн чанарыг ойлгосон, мөн үүнийг хэрхэн заахаа мэддэг хүний удирдлаган дор арилжааны гараагаа эхэлсэн хүмүүс байдаг.
Сэтгэл санааны өвдөлт болон санхүүгийн сүйрэл яагаад арилжаачдын дунд нийтлэг байдаг вэ? Энгийн хариулт бол бидний ихэнх нь зөв удирдлаган дор арилжааны карьераа эхлүүлэх аз завшаантай байгаагүй. Гэсэн хэдий ч гол шалтгаанууд нь үүнээс илүү гүнзгий түвшинд байдаг. Амжилтын зарчмуудыг заах үр дүнтэй аргуудыг бий болгохын тулд би сүүлийн арван долоон жилийг арилжааны сэтгэл зүйн динамикийг задлан шинжлэхэд зарцуулсан. Миний олж мэдсэн зүйл бол арилжаа нь парадокс, сэтгэхүйн зөрчилдөөнөөр дүүрэн байдаг тул суралцаж, цааш амжилтанд хүрэхэд маш хүндрэлтэй байдаг. Үнэн хэрэгтээ, хэрэв би арилжааны мөн чанарыг бүхэлд нь багтаасан ганц үг сонгох шаардлагатай болвол "парадокс" гэдэг үгийг сонгох болно. (Толь бичгийн дагуу парадокс бол зөрчилдөөнт шинж чанартай, аль эсвэл хүмүүст утга учиртай санагддаг нийтлэг итгэл үнэмшлүүдтэй зөрчилддөг зүйл юм)
Бидний өдөр тутмын амьдралд төгс зохицолтой, байнгын баримталдаг зүйлс болох харах өнцөг, хандлага, болон зарчмууд нь арилжааны зах зээлийн орчинд бидний эсрэг, сөрөг нөлөөтэйгөөр ажилладаг тул санхүүгийн болон сэтгэл санааны гамшиг арилжаачдын дунд түгээмэл тохиолддог. Үүнийг мэдэлгүйгээр, ихэнх арилжаачид арилжаачин байх гэдэг нь юу яг гэсэн үг болох, ямар ур чадварууд үүнд багтддаг, тэдгээр ур чадварыг ямар түвшинд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай вэ гэдэг суурь ойлголтуудгүйгээр карьераа эхэлцгээдэг.
Миний ярьж байгаа зүйлийн гол жишээ энд байна: Арилжаа хийх нь угаасаа эрсдэлтэй. Миний мэдэж байгаагаар бол ямар ч арилжаа баталгаатай үр дүнтэй байдаггүй; тиймээс буруу байж, мөнгөө алдах магадлал үргэлж байдаг. Тиймээс та арилжаа хийхдээ өөрийгөө эрсдэл үүрэгч гэж үзэж болох уу? Хэдийгээр энэ зальжин асуулт мэт сонсогдож магадгүй ч тийм биш юм.
Энэхүү асуултын оновчтой хариулт нь логикийн хувьд ямар ч эргэлзээгүй, тийм. Хэрэв эрсдэл дагуулсан үйл ажиллагаа эрхэлдэг бол би эрсдэл үүрэгч л байж таарна. Энэ нь ямар ч арилжаачны хувьд утга төгс таамаг юм. Үнэн хэрэгтээ бараг бүх арилжаачид ийм таамаг дэвшүүлээд зогсохгүй ихэнх арилжаачид өөрсдийгөө эрсдэл үүрэгч гэж үзэж өөрсдөөрөө бахархацгаадаг.
Асуудал нь энэ таамаг бодит үнэнээс хол юм. Мэдээжийн хэрэг, аливаа арилжаачин арилжаа хийх бүртээ эрсдэл хүлээдэг, гэхдээ энэ нь та тухайн эрсдэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг огт биш юм. Өөрөөр хэлбэл, үр дүн нь ямар ч баталгаагүй тул арилжаа бүр эрсдэлтэй байдаг. Гэтэл ихэнх арилжаачид арилжаа хийх бүртээ эрсдэлд орж байгаа гэдэгтээ үнэхээр итгэдэг үү? Арилжаа нь ямар ч баталгаагүй бөгөөд магадлалаас хамаарсан үр дагавартай гэдгийг тэд үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Цаашилбал, тэд болзошгүй үр дагавруудыг бүрэн хүлээн зөвшөөрдөг үү?
Хариулт нь ямар ч эргэлзээгүй, үгүй! Амжилттай арилжаачид эрсдэлийн талаар хэрхэн бодож сэтгэдэгтэй харьцуулахад ихэнх арилжаачид эрсдэл үүрэгч байх нь юу гэсэн үг болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Шилдэг арилжаачид эрсдэлтэй нүүр тулаад зогсолгүй; эрсдэлийг хүлээн зөвшөөрч, хариуцлагыг нь үүрч сурсан байдаг. Зөвхөн арилжаа хийдэг гээд өөрийгөө эрсдэл үүрэгч гэж бодох болон арилжаа бүрийнхээ эрсдлийг бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрөх хоёрын хооронд асар том сэтгэлзүйн ялгаа бий. Эрсдэлийг бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрч сурснаар бидний эцсийн үр дүн бүхий үзүүлэлтэнд томоохон өөрчлөлт гарах юм.
Шилдэг арилжаачид өчүүхэн ч эргэлзээ, зөрчилдөөнгүйгээр арилжаагаа гүйцэтгэж, болохгүй байгаа арилжаануудаа тэр дор нь хүлээн зөвшөөрдөг. Тэд алдагдалтай байсан ч арилжаанаасаа гарч чаддаг, уг үйлдэл нь тэдний сэтгэл санаанд өчүүхэн төдий ч таагүй мэдрэмж төрүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, арилжаанд учирч болох зайлшгүй эрсдэлүүд шилдэг арилжаачдыг сахилга бат, анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэггүй. Хэрэв та өчүүхэн ч гэсэн сэтгэл санааны таагүй мэдрэмж (ялангуяа айдас) мэдрэлгүйгээр арилжаа хийж чадахгүй байгаа бол та арилжааны зайлшгүй эрсдэлийг хүлээн зөвшөөрч сураагүй байна гэсэн үг юм. Энэ бол маш том асуудал, учир нь та эрсдэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэр зэргээрээ эрсдэлээс зайлсхийх болно. Зайлшгүй зүйлээс зайлсхийх гэж оролдох нь таны амжилттай арилжаа хийх чадварт гамшигт нөлөө үзүүлнэ.
Ямар ч зүйлд эрсдэлийг бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрөх нь хүндрэлтэй байдаг, ялангуяа арилжаачдын хувьд юу эрсдэлд орж байдгыг тооцоолон авч үзвэл бүр илүү их хүндрэлтэй байх нь аргагүй юм. Бид юунаас хамгийн их айдаг вэ? (үхэл эсвэл олон нийтийн өмнө үг хэлэхээс гадна) Мөнгө алдах, буруу байх хоёр мэдээжийн хэрэг жагсаалтын дээр дөхөж очно. Мөнгө алдахынхаа зэрэгцээ буруугаа хүлээн зөвшөөрөх нь туйлын зовлонтой бөгөөд нэг бодлын бидний заавалчгүй зайлсхийх гэж оролдох зүйлсийн нэг. Гэтэл бид зах зээл дээр өнгөрөөж буй хором мөч бүртээ энэ хоёр тохиож болзошгүй нөхцөл байдалтай ажилладаг.
Та яг одоо "их зовлонтой хэдий ч ямар нэгэн алдаа гаргаж, ямар нэгэн зүйл алдахыг хүсэхгүй байх нь энгийн хэрэг; тиймээс ч би үүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх нь зүй ёсны үйлдэл." гэж өөртөө хэлж байж магадгүй юм. Тантай санал нэг байна. Гэвч энэ нийтлэг хандлага нь арилжааг (амархан байх ёстой мэт харагдаж байгаа ч) туйлын хэцүү болгодог.
Арилжаа бидэнд үндсэн парадокс өгдөг: Үргэлжийн тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарч байгаа бид хэрхэн сахилга бат сахиж, анхаарлаа төвлөрүүлж, өөртөө итгэх итгэлтэй байх вэ? Та арилжаачин шиг "бодож" сурсан цагтаа л үүнийг хийж чадна. Эрсдэл бүрийг хүлээн зөвшөөрөх замаар арилжааны үйл ажиллагаагаа хэрхэн дахин тодорхойлох талаар суралцах нь амжилттай арилжаачин шиг сэтгэхэд хүргэх гол түлхүүр юм. Эрсдэлийг хүлээн зөвшөөрч сурах нь арилжааны ур чадвар - таны сурч болох хамгийн чухал чадвар юм. Гэсэн хэдий ч анхан суралцаж буй арилжаачид үүнийг судлахад анхаарлаа төвлөрүүлж, хүчин чармайлт гаргах нь ховор байдаг.
Эрсдэлийг хүлээн зөвшөөрөх арилжааны ур чадварт суралцсан цагт л та зах зээлийн аливаа мэдээллийг зовиуртай гэж тодорхойлохоо болино. Хэрэв зах зээлийн мэдээлэл таны сэтгэл санааг зовоох чадваргүй болчихвол та зайлсхийх гэж оролдох зүйлгүй болно. Урьд өмнө нь зовиур авчирдаг байсан зүйл - ямар боломжууд байгааг хэлж өгдөг жирийн нэг мэдээлэл болж хувирна. Айдастаа автаж аливаа мэдээллийг өөрчилж, гажуудалд оруулалгүйгээр хүлээж авдаг энэ төлөв байдлыг - обьектив төлөв гэж нэрлэдэг.
Энэ номыг уншиж байгаа хүмүүс дунд хэтэрхий эртэдсэн аль эсвэл хэтэрхий оройтсон арилжаанд орж үзээгүй нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Бид бүгд л алдагдал хүлээхгүйн тулд арилжаагаа илүү том алдагдал болтол нь барьж; эсвэл ашигтай явж байгаа арилжаанаасаа хэтэрхий эрт гарж; эсвэл ашигтай явж байгаа арилжаанаасаа огт ашиг авалгүйгээр алдагдал болтол нь барьж; эсвэл алдагдлын хязгаараа оролтын цэгтэйгээ хэт ойрхон тависнаас болж алдагдал хүлээж (зах зээл таны алдагдлын хязгаарыг шүргэчихээд таны харж байсан чиглэлд хөдлөж эхлэх үзэгдлийг) үзсэн байдаг. Эдгээр нь арилжаачдын өөрөө өөрөөсөө болж гаргадаг алдаануудын цөөн хэдэн жишээнүүд юм.
Эдгээр нь зах зээлээс үүдэлтэй алдаа биш. Өөрөөр хэлбэл, эдгээр алдаа нь зах зээлээс шалтгаалдаггүй юм. Зах зээл зүгээр л хөдлөж, үүгээрээ өөрийнхөө тухай мэдээллийг бий болгодог гэдэг утгаараа төвийг сахисан хандлагатай байдаг. Хөдөлгөөн, болон мэдээлэл нь хүн бүрт ямар нэгэн зүйл хийх боломж олгодог, тэгээд л гүйцээ! Хувь хүн уг мэдээллийг хэрхэн харж, хэрхэн хүлээж авч, цаашлаад гаргах шийдвэр болон хийх үйлдэлд нь нөлөөлөх чадвар зах зээлд байдаггүй. Миний дурдсан алдаанууд болон бусад олон алдаанууд нь миний "алдаа дутагдалтай арилжааны хандлага ба харах өнцөг" гэж нэрлэдэг зүйлийн үр дүн юм. Өөртөө итгэх итгэлийг бус айдсыг тэжээдэг дутагдалтай хандлага.
Тогтмол ялагчид болон бусад хүмүүсийн хоорондох ялгааг би үүнээс илүү энгийнээр тодорхойлж чадахгүй: Шилдэг арилжаачид айдаггүй. Тэд зөвхөн зах зээлийн санал болгож буй боломжуудад үндэслэн арилжаа хийж, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай сэтгэлгээг хөгжүүлсэн байдаг тул огт айдаггүй. Үүний зэрэгцээ, шилдэг арилжаачид бодлогогүй үйлдэл хийхийг нь таслан зогсоож, урьдчилан сэргийлдэг хандлагуудыг хөгжүүлсэн байдаг. Гэтэл бусад арилжаачид / ихэнх хүмүүс тодорхой хэмжээгээр айдаг. Тэд айдасгүй үедээ бодлогогүй үйлдэл хийж дараа нь тухайн үйлдлээс нь болж үүссэн туршлагуудаас айж эмээдэг.
Таны арилжаандаа гаргадаг алдаануудын 95 хувь нь - буруу байх, мөнгө алдах, хоцорч үлдэх, ширээн дээр мөнгө үлдээх - айдсуудаас үүдэлтэй байдаг. Би эдгээрийг арилжааны үндсэн дөрвөн айдас гэж нэрлэдэг.
Та яг одоо өөртөө "Би энэ талаар мэдээгүй юм байна: би арилжаачдыг тодорхой хэмжээнд зах зээлээс айдаг байх ёстой гэж боддог байсан" гэж хэлж байж магадгүй. Дахин хэлэхэд энэ бол логиктой бөгөөд боломжийн үндэслэлтэй таамаг юм. Гэвч яг үнэндээ бол айдас таны эсрэг ажиллаж, таныг айж байгаа зүйлээ өөрөө бүтээхэд хүргэдэг. Хэрэв та буруу байхаас айж эмээдэг бол энэ айдас таны зах зээлийн ойлголтод нөлөөлж, таныг ямар нэгэн буруу үйлдэл хийхэд хүргэнэ.
Та айдастай байгаа цагт боломж гарч ирэхгүй. Айдас хүнийг хөшөөдөг тул та боломжуудыг олж харж, хүлээж авсан ч гэсэн зөв ашиглаж чадахгүй юм. Бие махбодийн хувьд айдас биднийг хөших, аль эсвэл зугтахад хүргэдэг. Сэтгэцийн хувьд айдас биднийг тухайн айдсын эх үүсвэр рүү хамаг анхаарлаа хандуулахад хүргэдэг. Өөрөөр хэлбэл таны боломж олж харах чадвар хаагдаад зогсохгүй, та зах зээлээс ямар нэгэн мэдээлэл хүлээж авах боломжгүй болох юм. Бүх боломжууд өнгөрч, айхаа болих хүртэлээ та зах зээлийн талаар сурж мэдсэн бүх зүйлсийнхээ юуг нь ч бодож санахгүй. Дараа нь та дотроо "Би үүнийг мэддэг шдээ. Тэр үед яагаад бодоогүй юм бол?" эсвэл "Тэр үед би яагаад мэддэг юмаа хийж чадаагүй юм бэ?" гэж боддог.
Эдгээр асуудлын эх үүсвэр нь бид бүгдийн өөрсдийн зохисгүй хандлага гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох маш хүндрэлтэй байдаг. Энэ л айдсыг нууцлаг болгож өгдөг. Бидний арилжаанд сөргөөр нөлөөлж буй сэтгэлгээний хэв маягийн ихэнх хэсэг нь бага насанд суусан ертөнцийг харж, сэтгэх нийтлэг хүмүүжлээс үүдэлтэй. Эдгээр сэтгэлгээний хэв маягууд маш гүн шингэсэн байдаг тул тулгамдаж буй арилжааны бэрхшээлүүдийн эх үүсвэр дотроосоо буюу бидний дотоод сэтгэл санаанаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох хүндрэлтэй байдаг. Зах зээл үнэхээр л бидний зовлон, бухимдал, дургүйцлийг төрүүлж байгаа мэт санагддаг тул аливаа асуудлын эх үүсвэрийг гаднаас буюу зах зээлээс олж харах оролдлогыг буруутгах аргагүй.
Мэдээжийн хэрэг эдгээр нь тодорхой хэмжээнд хийсвэр ойлголтууд тул ихэнх арилжаачид үүний талаар огт санаа зовдоггүй. Гэсэн хэдий ч теннисэнд давуулалт хэрхэн хийх, эсвэл гольфонд цохилт хэрхэн хийхийг суралцах ямар хэрэгцээтэй байдаг билээ, түүний ижлээр итгэл үнэмшил, хандлага болон ойлголт хоорондын уялдаа холбоог ойлгох нь арилжаанд чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл өөрийн зах зээлийн мэдээллийг хүлээж авч байгаа байдлыг ойлгож, удирдах нь тогтмол амжилт үзүүлэх хүслээс тань хамаарах юм.
Арилжаанд миний сая хэлсэн зүйл шиг үнэн зүйл байдаг: Хааяа хааяадаа азаар сайн цохилт хийхийн тулд теннисний аль эсвэл гольфийн цохиураар зөв цохих техник сурах шаардлага байдаггүйн адилаар ашигтай арилжаа хийхийн тулд танд өөрийнхөө талаар аль эсвэл зах зээлийн талаар ямар нэгэн зүйл мэддэг байх шаардлага байдаггүй. Би анх удаа гольф тоглож байхдаа ямар нэгэн тодорхой техник сураагүй байсан хэдий ч тоглолтын туршид хэд хэдэн сайн цохилтуудыг хийсэн; гэхдээ миний оноо 120-оос 18 л байсан. Мэдээжийн хэрэг, ерөнхий оноогоо сайжруулахын тулд би зөв техникийг нь сурах хэрэгтэй болсон.
Мэдээж, энэ нь арилжаанд ч адил үнэн. Тогтмол болохын тулд бидэнд техник хэрэгтэй. Гэхдээ ямар техник? Энэ бол үр дүнтэй арилжаа хийж суралцах явцад тулгардаг хамгийн төвөгтэй үе шатуудын нэг. Бидний итгэл үнэмшил болон хандлагууд зах зээл дээрх мэдээллийг хүлээж авах явцад ямар нөлөө үзүүлж байгааг анзаарч ойлгохгүй бол зах зээл л бидэнд саад болоод байгаа мэт санагдана. Үүний үр дүнд зах зээлийн талаар илүү ихийг олж мэдэх нь алдагдлаас зайлсхийж, тогтмол ашиг олох хамгийн шилдэг шийдэл мэт бодогдох нь гарцаагүй юм.
Бараг бүх арилжаачид хэзээ нэгэн цагт энэ бодлын урхинд унадаг бөгөөд тухайн үед энэ шийдэл нь яалтачгүй л төгс утга учиртай мэт санагддаг. Гэвч энэ арга ажилдаггүй. Зах зээл хэтэрхий их зөрчилтэй олон олон сонголтуудыг бий болгодог. Цаашилбал, зах зээлийн зан авирт ямар ч хязгаар байдаггүй. Тэрээр ямар ч үед, юуг ч хийж чадна. Үнэн хэрэгтээ, арилжаа хийдэг хүн бүр зах зээлийн хөдлөх шалтгаануудын нэг байдаг тул ямар ч арилжаачин юуг ч тохиолдоход хүргэж чадна гэж хэлж болно.
Зах зээлийн зан үйлийн талаар хэчнээн ихийг сурж мэдсэн ч, хэчнээн гайхалтай шинжээч болсон ч гэсэн та зах зээлд өрнөж болзошгүй бүх нөхцөл байдлыг урьдчилан таамаглана гэж байхгүй юм. Хэрэв та буруу зүйл хийх, эсвэл мөнгөө алдахаас айдаг бол нэмэлтээр юу ч олж сурсан бай тэр мэдлэг таны айдсын сөрөөг нөлөөг нөхөж дийлэхгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой бус нөхцөл байдлаар дүүрэн энэ орчинд та өөртөө итгэлтэй байж чадахгүй юм. Арилжаа бүхэн тодорхой бус үр дагавартай байдаг нь энэ зах зээлийн хатуу, хүйтэн бодит байдал нь юм. Тодорхой бус үр дагавар гарах нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч сурахаас нааш та өвдөлттэй / зовиуртай гэж тодорхойлсон аливаа үр дүнгээсээ зайлсхийх гэж оролдсоор л байх болно. Энэ явцад та өөрөө бий болгосон, өндөр өртөгтэй олон тооны алдаанууддаа гаргасаар л байх болно.
Би үүгээрээ бидэнд ямар нэгэн төрлийн зах зээлийн шинжилгээ аль эсвэл боломжуудыг олж харж, тодорхойлж өгөхөд тусалдаг арга барил хэрэггүй гэж огт хэлээгүй юм шүү; учир нь бидэнд хэрэгтэй нь үнэн. Гэсэн хэдий ч зах зээлийн шинжилгээ нь тогтмол үр дүнд хүрэх зам биш юм. Зах зээлийн шинжилгээ нь өөртөө итгэх итгэл, сахилга бат, болон анхаарал төвлөрөлтийн дутагдлаас үүссэн арилжааны асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй.
Илүү их, илүү сайн шинжилгээ тогтмол байдлыг бүтээнэ гэсэн таамгаас үндэслэсэн замналаа үргэжлүүлвэл та төрөл бүрийн арилжааны зэвсэг бүхий хэрэгслүүдийг цуглуулах гэж тэмүүлнэ. Дараа нь юу болох вэ? Та тооцолж хараагүй хөдөлгөөн эсвэл хангалттай анхаарал хандуулаагүй зүйлээсээ болж зах зээл танаас урвасан мэт хардсан хэвээр л байна. Та зах зээлд итгэж болохгүй юм шиг санагдах ч, үнэн хэрэгтээ та өөрийнхөө шийдвэрт итгэж болохгүй юм.
Бидний итгэл үнэмшил, хандлагаас үүсэлтэй өөртөө итгэх итгэл болон айдас нь хоорондоо зөрчилддөг сэтгэлзүйн төлөв байдлууд юм. Эрсдэлд оруулах гэж байсан хэмжээнээсээ илүү ихийг хөнгөхөн гэгч нь алдах магадлалтай орон зайд шийдэмгий ажиллахын тулд өөртөө бүрэн дүүрэн итгэдэг байх хэрэгтэй. Гэвч тогтмол амжилттай арилжаачин болох зорилгыг үгүй хийдэг буруу хандлага болон сэтгэлгээнүүдийг дарж, сэтгэлзүйгээ бэлтгэхээс нааш тэр итгэлийг олж авах боломжгүй юм. Тиймээс ч зах зээлийг илүү сайн шинжиж сурах нь тийм ч тохиромжтой бэлтгэл биш.
Танд хоёр сонголт байна: Та олон төрлийн хэрэгслүүдийг судлах замаар эрсдэлээ арилгах гэж оролдож болно. (Энэ зам зөвхөн бухимдалд хүргэдэг тул би үүнийг шинжилгээний хар нүх гэж нэрлэдэг) Эсвэл та арилжаа хийх аргачлалаа дахин тодорхойлох замаар эрсдэлийг үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, айдсаа даван туулахад суралцаж болно.
Эрсдэлийг үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чаддаг сэтгэлгээтэй болсон цагт та зах зээлийн аливаа мэдээллийг зовлонтой гэж тодорхойлж, хүлээж авах чадваргүй болно. Зах зээлийн мэдээллийг зовлонтой гэж тодорхойлох боломжийг үгүй хийснээр эргэлзэх, яарах, зах зээл мөнгө өгнө гэж найдах, хааж чадахгүй байгаа алдагдалтай арилжааг зах зээл аварна гэж найдах зэрэг хандлагуудыг арилгадаг.
Өөрийгөө хуурах, эргэлзэх, найдах болон яарах зэргээс үүдэлтэй алдаануудад өртөмтгий байгаа цагт та хэзээ ч өөртөө итгэж чадахгүй. Хэрвээ та ашигтай ажиллаж, обьектив байж чадна гэдэгтээ итгэлгүй байвал таны тогтмол амжилт олох зорилго боломжгүй зүйл болж хувирна. Маш энгийн мэт санагдах зүйл яг үнэндээ таны хийх гэж оролдох хамгийн хэцүү зүйл байж магадгүй юм. Хамгийн хачирхалтай нь, та зөв хандлагатай байж, "арилжаачны сэтгэлгээ"-г эзэмшихийн зэрэгцээ тодорхой бус нөхцөл байдлын өмнө өөртөө итгэлтэй зогсож чадвал арилжаа хийх нь таны анх төсөөлж байсан шиг хялбар бөгөөд энгийн болох юм.
Тэгэхээр, шийдэл нь юу вэ? Та өөрийн хандлага болон итгэл үнэмшлийг; өчүүхэн ч айдасгүйгээр арилжаа хийж, хэт эрсдэлтэй арилжаа хийхээс тань сэргийлдэг тохиргоонд оруулах хэрэгтэй. Энэ ном яг үүнийг танд заах зорилготой юм.
Таныг үргэлжлүүлэхээс өмнө, нэг зүйлийг санаж явахыг хүсч байна. Та ирээдүйн хүсэл мөрөөдөлдөө хүрч, амжилттай арилжаачин болох хүртлээ зогсолтгүй өсч хөгжих хэрэгтэй. Өсөлт гэдэг нь хүрээгээ тэлэх, суралцах, өөрийгөө илэрхийлэх шинэ арга замыг бий болгох гэсэн үг юм. Та аль хэдийн амжилтанд хүрчихсэн, амжилтаа ахиулахын тулд энэ номыг уншиж байгаа арилжаачин байсан ч гэсэн энэ танд хамаарах юм. Та шинэ зүйлст суралцаж, өөрийгөө илэрхийлэх шинэ арга замуудыг хайж эхлэх үед таны одоогийн итгэл үнэмшил тэдгээр мэдээллүүдтэй зөрчилдөж эхэлнэ. Зөрчилдөөн үүсгэх итгэл үнэмшлийн зарим нь маш нуугдмал, өөрөөр хэлбэл далд ухамсарт оршиж байдаг. Хэдийгээр та өөрийн арилжааны үр дүнд сэтгэл дундуур байсан ч гэсэн таны одоогийн итгэл үнэмшил өөрчлөлтийг эсэргүүцэж, бүх юмыг байгаар нь үлдээх гэж хичээх болно.
Эдгээр дотоод зөрчилдөөнүүд бол хэвийн үзэгдэл. Энэ номондох миний сорилт бол эдгээр зөрчилдөөнүүдийг аль болох үр дүнтэй шийдвэрлэхэд тань туслах юм. Таны өөр боломжуудыг бодож үзэх хүсэл эрмэлзэл - таны мэдэхгүй эсвэл хангалттай анхаарч үзээгүй өөр боломжууд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь мэдээжийн хэрэг энэ сургалтын явцыг илүү хурдан бөгөөд хялбар болгох юм шүү.